Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

Сумын танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 5425
СЭЛЭНГЭ АЙМАГ ТҮШИГ СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
 
Баруун хужирын даваа, улсын хилээр, Сэлэнгэ мөрөн хүрч  Сэлэнгэ мөрөн- Сэлэнгийн татуургын уулзвар, Сэлэнгэ мөрний усны хагалбараар  өгсөж, Орхон Сэлэнгийн бэлчир, Ногоон Суврага / 1095.0/ Сондуул / 1175.0/ Харгиастайн даваа / 1250.0/ Гялалзахын дов, хүн чулуу, Рашантын баруун урьд талаар өгсөж, Ухмалын эх, Цайтын эх, Зээрэнгийн даваа / 1127.1/ Цагаан хустын даваа /1133.3/ Нам даваа/1045.1/ Бүтээлийн нурууны 1366.4, 1542.7, 1470.1, 1535.9, 1550.4, 13366.4, 1322.5 тоотууд, Ар шүрэнгийн голын баруун хамар, Ар шүрэнгийн голын баруун хамрын үзүүр, Зэлтэр голын урьд эргээр уруудан, Зэлтэр- Баруун Хужиртын голын бэлчир, Баруун хужиртын голын зүүн эргээр өгсөн , Баруун хужиртын даваа юмаа.
 
1957 онд тус Сумын Хадан хошуу хэмээх газар ардын аж ахуйтан “Шар бандь“ хэмээх Цэрэндашийнд цугларч Сэлэнгэ аймгийн төлөөлөгч Г.Очирбат хэмээх хүн ухуулга яриа хийсний үндсэн дээр 17 өрх нэгдэж “ Гэрэлт зам” нэгдлийг байгуулж анхны даргаар Г.Очирбатыг сонгожээ. Энэ үед Шүрэнгийн голд  Баян Цэндсүрэн, нэрт анчин Дугарсүрэн нар нэгдэл байгуулан Дамба гэдэг хүнийг нэгдлийн даргаар сонгож нэгдлээ “ Туяа зам “ нэрлэжээ.
 
Энэ нэгдэл 1957 оны намар “ Гэрэлт зам “ нэгдэлтэй нийлжээ. Нэгдлийн анхны гишүүд нь Дэндэвийн Дамдин,одон Цэнд, шалдан Чойжив, жижиг Лувсандорж, буриад Шаравсэнгэ, яач Цэндаюуш,тийрэгийн Дэлэг, З.Цэдэнбалжир, З.Цэрэндорж, Д.Дугаржав,Санааамар, Ц.Дугарсүрэн,Доржпалам, Жамъян, буриад Баянбат, Х.Лувсан, Б.Чойжив,Гарьдын Лүндэн, өндөр Дорж, Доржийн Гончиг, Осорын Дамба, Лоовуугийн Лхагва, Шархүүгийн Дэмбэрэлорж, халзан Батмөнх,Дэндэвийн Сэмжид,Нэрэнгийн Батдэлгэр, Дугарын Жүгдэргарав,дүлий Жамба, данигай Дамдинсүрэн, Цэдэвийн Гарамдорж,матиа Шагдар,оодон Цэрэндулам, Жамбал,Сэргэлэнгийн Дорж, улаан Дамдиа, Рэнцэн, дураал Ёндон, Шархүүгийн Цэдэв,өртөө Балдан,Тунсаг нар байжээ.
 
Энэ үед Шаамар суманд “ Найрамдал” нэгдэл байгуулагдаж тус сумын нилээдгүй иргэд энэ нэгдэлд гишүүнээр элссэн юм байна.
 
Атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулагдсан нь:
 
Атар газар эзэмших анхны уриа дуудлагаар залуучууд манлайлан атрын сангийн аж ахуй байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээжээ. Тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэрээр атрын 4 сангийн аж ахуй байгуулагдсаны нэг нь 1959 оны 04 сарын 22-ны өдрийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 156-р тогтоолоор байгуулсан Зэлтэрийн сангийн аж ахуй юм.
 
Атар эзэмших анхны гараанд МХЗЭ-ийн илгээлтээр 60 гаруй залуучууд ирж, Зэлтэрийн сангийн аж ахуйн тулгын чулууг тулалцжээ. Зэлтэрийн сангийн аж ахуй нь 35 трактор, 7 машинтай, 2.0 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгуулагдсан байна.
 
Атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулагдахад “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, нэгдлийн гишүүн 160 гаруй өрх айл, 30.0 гаруй мянган толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгджээ. Атар газар эзэмших аянд манай улсын нэр цуутай хүмүүс оролцож байсан байна.
 
Улсын аварга Ш.Батсуурь анхны жолоочоор ирж байсан бол урт гарт хэмээх цуутай бөх Завханы Лхагва арслан барилгын даамлаар, улсын заан С.Гүржав ҮЭ-ийн хорооны даргаар, улсын начин Г.Санжаасүрэн ХАА-н ерөнхий механикаар, аймгийн арслан Авирмэд, аймгийн заан Банди нар мал аж ахуйн мэргэжилтнээр, аймгийн арслан Одонгарав, циркийн жүжигчин Бадарч, Юра, агаарын гимнастикч Б.Боря, С.Огноо, Хишигт, хөгжимчин Довчин, дуучин Б.Эвшин, хөгжмийн багш Дорж нар илгээлт өвөрлөн энэ нутагт ирж ажиллажээ.
 
Сангийн аж ахуй байгуулах нөр их хөдөлмөрийн анхны гараанд зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж туслаж байсан түүхийг мартах учиргүй юм.
 
Зэлтэрийн сангийн аж ахуйн анхны шанг Барчингийн ард татсан бөгөөд тэр жилээ 1000 гаруй га газар хагалжээ. Зэлтэрийн сангийн аж ахуйд хувиарлагдсан 35 тракторыг Сэлэнгэ мөрөн үертэйн улмаас оросын хилээр дамжин Бооцын хилийн заставаар орж ирэхэд нутгийн иргэд сүү хадаг барин угтаж авчээ.
 
Одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум нь Сүхбаатар хотоос 135 км, Улаанбаатар хотоос 450 км, урд талаараар Цагааннуур сумтай, баруун талаараа Булган аймгийн Сайхан сумтай, зүүн талаараа Сүхбаатар сумтай, хойд талаараа ОХУ-ын Буриад улсын Джида аймагтай хиллэдэг, Орос Монголын хилийн боомт хүртэл 7 км зайтай оршдог.
 
Орон нутаг төр төсвийн 5 байгууллага, газар тариалангийн 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, 1700 гаруй хүн амтай, 51,0 мянга гаруй толгой малтай, 527 өрхтэй сум билээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ